Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан улсын Онцгой комиссийн “Шуурхай бүлэг” өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. Ажлын хэсэгт ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОБЕГ-ын дарга, улсын Онцгой комиссын орлогч дарга, хошууч генерал Т.Бадрал, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү болон ХХААХҮЯ, ЭМЯ, НХХЯ, ОБЕГ-ын мэргэжилтнүүд яваа бөгөөд Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Арвайхээр суманд ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авсан юм.
Өвөрхангай аймгийн 16087 малчин өрхөд нийт 5,743,530 толгой мал өвөлжиж байгаагаас 493 өрхийн 336,328 мал гадны аймагт оторлож байна. Одоогоор аймгийн хангайн бүсийн 13 сум цагаан зудтай байгаа бол говийн таван сумдаар отор нүүдэл ихэссэнээс туурайн зуд нүүрлэж, найман сум өвөлжилтийн хүнд нөхцөлд байгаа юм. Сүүлийн хэд хоногийн эрс хүйтрэлийн улмаас мал аж ахуйд багагүй бэрхшээл тулгарч, 13 мянган толгой мал хорогдсон гэх дүн мэдээтэй байна. Малчдад малын өвс тэжээлээс гадна өөрсдийн хүнсний хэрэглээ, түлээ нүүрсний асуудал тулгамдаж байгаа учраас аймгийн удирдлагууд шаардлагатай арга хэмжээг үе шаттай авч, орон нутгийн өмчит Баянтээг ХК-ийн хөрөнгө оруулалтаар 10 тонн гурил, 160 тонн нүүрсийг отрын малчдад нийлүүлжээ.
Улсын төсвөөс өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр 432 сая төгрөгийн санхүүжилт өгснийг сум бүрт хуваарилан 300 гаруй сая төгрөгийг олгосон байна. Өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөц 116 тонн өвс тэжээлийн нөөцтэй, Баруунбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Богд, Төгрөг, Арвайхээр сум 30-70 тонн өвсний нөөцтэй байгаа бол бусад сумдууд аюулгүйн нөөцөө дуусчээ.
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар 570 тонн өвсийг үнэ төлбөргүй, 550 тэжээлийг 50 хувийг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа нь талархалтай хэрэг боловч малчдад тараахаар нэг айлд 2-3 боодол өвс очиж байгаа. Улсаас үнэгүй олгож байгаа өвсийг малчин өрх бүрт тараахаас өөр аргагүй болдог хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд мэдээлэл өглөө. Мөн Дундговь аймагт оторлож яваа малчид хүнд нөхцөлд байгааг дуулгав. Сумын төв орохоор мотоциклийг нь цагдаа журамлачихдаг, адуу малыг нь 20-30 км-ээр хөөж, үүний улмаас малын хээл хаях, хорогдох асуудал гарч байгаа тул зохицуулж, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
ХХААХҮЯ-аас зохион байгуулж буй “Өвөл, хаврыг өнөтэй давъя” аяны хүрээнд Өвөрхангай аймагт 1900 тн хивэг, 1750 тн хорголжин тэжээл болон 320 тн овъёос худалдан борлуулахаар таван компани ХХААХҮЯ-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа боловч зөвхөн Ондилт ХХК, Бор банди ХХК-иас 400 гаруй тонн тэжээлийг нийлүүлээд байна. Тиймээс бусад компаниудыг гэрээний дагуу ажлаа эхлэхэд нь шаардлага тавьж өгөхийг хүссэн юм. Мөн өвөлжилт хүнд байгаагийн зэрэгцээ Бүрд суманд малын гоц халдварт шүлхий өвчлөл гарсан нь Булган аймгийн Рашаант суманд гарсан шүлхий хүрээгээ тэлж байгаагийн илрэл гэдгийг хэлж, тухайн бүсийн малыг вакцинжуулахад анхаарахыг хүслээ. Түүнчлэн улсын нөөцийн өвсийг хөнгөлөлттэй үнээр борлуулах, аймгийн Онцгой байдлын газрын шуурхай албаны автомашины парк шинэчлэлтийг хийх, Өлзийт, Есөнзүйл сумдын ЗДТГ-т автомашин шаардлагатай байгааг шийдвэрлэж өгөх хүсэлтийг уламжилсан юм.
Мэдээлэлтэй холбогдуулан албаны бүрэлдэхүүнээс хариултуудыг өгч, зохих шийдвэрийг гаргав. Тухайлбал Дундговь аймгийн 6 суманд шүлхий өвчин гарсан тул отрын малчдыг буцаж ирэхэд хяналт сайтар тавьж, “Тусгаарлах бүс”-ийг байгууллахаар боллоо. Шүлхий өвчин зөвхөн малаас малд дамжихгүй өвсөөр ч дамжин халдварладаг тул зүүн аймгуудаас тээвэрлэн ирж байгаа өвсөнд анхаарал болгоомжтой хандахыг МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү хэллээ. Шадар сайд Ө.Энхтүвшин цаг агаар энэ сарын 30 хүртэл эрс хүйтрэнэ гэдгийг анхааруулж, хүрч чадахгүй байгаа, мэдээлэл холбоо тасарсан айл өрхүүддээ ямар нэг байдлаар хүрч ажиллах, отор нүүдлээр явсан айл өрхүүдийн орхиод явсан эд хогшлыг хулгай зэлгийд алдахгүй байхыг санууллаа.
Өвөрхангай аймагт улсын нөөцөөс 820 тн өвсийг үнэгүй, 800 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэж, малчдад хүргэх тээвэрлэлтийн зардлыг аймгаас гаргахаар болов. Мөн аймагт байдаг улсын нөөцийн дөрвөн салбарт 250 тонн өвс татаж байршуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсэг өнөө орой Баянхонгор аймгийг зорьсон бөгөөд 2 дугаар сарын 5 хүртэл баруун чиглэлийн 12 аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах аж.
